Friday, January 28, 2011

Монголын эрүүл онлайн контентийн төлөө

Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-оос 2010 оны сүүлчээр “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам” гаргасан нь монгол интернэтийн салбарт зарим нэг маргаан, үл ойлголцол дагуулж байна уу гэсэн сэтгэгдэл төрүүлж, энэ талаар санал бодлоо хуваалцахад хүргэлээ. Энэ асуудлыг ХХЗХ-оос гаргасан энэ түр журам, контент агрегаторуудын үйл ажиллагаа хоёрын хүрээнд авч үзвэл учир дутагдалтай болох юм.
Монголын интернэтийн контентийг зохицуулах оролдлоготой холбогдож үүсч байгаа энэ асуудал нь үнэн хэрэгтээ контент агрегаторууд /“Монголын сайтын холбоо”/ ба ХХЗХ-ны санал, үзэл бодлын зөрүү биш ба үнэн чанар нь илүү гүн гүнзгий бөгөөд, өөр хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Энд хамгийн наад захын жишээ дурдахад улс орны хөгжлийн өнөөгийн түвшин, тэр дундаа монголын хэвлэл мэдээллийн /ХМ/ салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, контент үйлдвэрлэл эрхлэж буй ХМ-ийн салбарынхны өнөөгийн боломж чадавхи, контент нийлүүлэлт хийж буй эх үүсвэр, ХМ-ийн салбарынхны бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, зохиогчийн эрхийн доголдол, контент үйлдвэрлэл, агрегацийн салбарынхны мэдлэг ур чадвар, ёс зүй гэх мэт ХМ-ийн салбарыг бүхэлд нь хамарсан олон асуудлаас эхтэй гэж үзэх үндэслэл бий.
Нэгэнт ХМ-ийн салбарын талаар ярьсных хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн үүрэг ролийг эргэж санахад илүүдэхгүй болов уу. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч соёлт хүн төрөлхтний хүндэтгэн дээдэлж ирсэн ХМХ бол мэдээлэх, олон нийтийн боловсрол танин мэдэхүйд дэмжлэг үзүүлэх, аливаа үзэгдэл үйл явдлыг тайлбарлан таниулах, олон нийтийг нийгэмшүүлэх, соёлын үнэт зүйлийг тээн дамжуулах, үзэгч сонсогч уншигчийн чөлөөт цагыг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэсэн нийгмийн чухал үүрэгтэйг ХМ-ийн салбарыхан хэнээс ч илүү мэдэж ойлгож байгаа. Мэдээж үүн дээр нэмэгдээд үг хэлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний талбар, ардчилалын орчны хэрэгсэл гэдэг утгаараа олон ургальч үзлийг дэмжих, иргэд хэрэглэгчдийн санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах, асуудалд олон талаас хандах, санал санаагаа уралдуулах хөшүүрэг байх үүрэгтэй.
Тэгвэл энэ үүрэг функцээ монголын ХМ-ийн салбарынхан биелүүлж байгаа бил үү. Яг үнэндээ өнөөгийн байдлаар монголын хэвлэл мэдээлийн салбарт бий болсон ёс зүйгүй сэтгүүл зүй /yellow journalism/,  захиалгат гүтгэлгэд үйлчлэх сэтгүүл зүй /libel in journalism/, улс төрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн хэрэгсэл болж хувирсан дүр зураг, гүтгэлэг, дайралт хэлбэрээр илэрсээр аудинсэд төлөвшүүлсэн сөрөг нөлөө гэх мэт салбарыг аль болох муу муухай харагдуулдаг бүхэн монголын ХМХ-ийн салбарт архагшин ноёрхож байна уу гэж үзэхээр байна.
Дээр нь нэмэгдээд мэдээллийн сайтууд дээр хэрэглэгчдээс үлдээдэг сэтгэгдэлийг нэмэх хэрэгтэй. Мэдээллийн сайтуудын сэтгэгдлийг уншиж анализ дүгнэлт хийвэл халаглах, сэтгэл эмзэглэх, харамсахад ч багадхаар дүр зураг хэвшмэл болох хандлагатай болжээ. Интернэтийн сайтаар дамжуулж хэн нэгнийг дайрч доромжлох, бүдүүлэг хараал  зүхэл хэлж байгаа нь хүн үг хэлэх эрхээ хэрэгжүүлж байгаа гэхээсээ илүү хэт эрх чөлөөний гажуудал гэж хэлэхээр байна. Мэдээллийн сайтуудыг хөгжүүлэгч технологи нь өөрөө хүний үг хэлэх эрх чөлөөг хангаж өгч байна. Технологийн ийм боломжийг л контент агрегаторууд адаптаци хийж байгаа гэдгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Монголын контентийн салбар, түүний дотор онлайн контентийн салбар оюуны өмчийн хулгайн үүр уурхай болсоор удлаа. Төрөл бүрийн видео байршуулах сайтууд хулгайны кинонууд, тоглоомууд, программ хангамжуудаар дүүрч улам өргөжиж байна. Энэ дүр зураг Монгол улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, монголчуудын талаархи ойлголтыг бараантуулж, ялангуяа оюуны өмч, хууль зүй, хэвлэл мэдээлэл, урлаг соёл, мэдээлэл-харилцаа холбооны салбаруудын нэр хүндийг унагаж байна.
Хүмүүсийн цахим шуудангийн хаягийг хууль бус хулгайн аргаар олж авч зар сурталчилгаа тарааж ашиг орлого олж байна. Ингэж эзнийх нь зөвшөөрөлгүй цахим шуудангийн хаягууд олборлох ажиллагааг олон улсын практикт мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ангилалд оруулан хуулиар хориглож шат шатны ёс зүйн олон хэм хэмжээнд тал бүрээр хорьж байгаа. Энэ төрлийн бизнес эрхэлж байгаа зарим компани монголын мэдээллийн технологийн тэргүүлэх компани болно гэсэн уриатай байгаа нь инээдтэй бөгөөд ичгүүртэй юм. Зүй нь хэрэглэгч бүртгэх үйлчилгээ нэвтрүүлж бүртгэн хэрэглэгчийн бааз сан үүсгэх, улмаар хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр сонгож сонирхсон зар сурталчилгааг илгээх, хүссэн үедээ зар сурталчилгаанаас татгалзах боломжийг хэрэглэгчид олгосон байх ёстой байдаг.
Гэх мэт олон дутагдалтай талыг дурдаж болно. Энэ бүх бараан дүр зураг бий болох, буруу гарын цахим бизнесүүд цэцэглэхэд юу нөлөөлөв өө?
Энэ нь юуны түрүүнд контентийг хөгжүүлэх, ХМХ–ийн хараат бус ажиллагааг хангах, ёс зүйтэй сэтгүүл зүй, контентийн үйлдвэрлэл ба түгээлт дээр Монгол улс алдаа гаргасан гэдгийг нотолж байна. Мэргэжлийн холбоод гишүүн байгууллагуудаа чадавхижуулах, олон нийтийг хүндэтгэх, хэрэглэгчийг дээдлэхэд чиглэсэн нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг нэвтрүүлж хэрэгжүүлсэнгүй. Энэ талаар төр засаг ч дорвитой дэмжлэг үзүүлсэнгүй. Хэрвээ мэргэжлийн холбоод гишүүн компаниуддаа мэргэжлийн өндөр түвшин, дэлхий нийтийн жишигт нийцсэн чанартай үйлчилгээ явуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүлээсэн нийгмийн үүрэг функцээ  биелүүлэх шаардлага тавьж төлөвшүүлэх, контентийн орчинг эрүүл байлгах талаар дорвитой ажил хийж, санаачилгатай ажилласан бол байдал өөр байх бололцоотой байсан. Нөгөө талаар төр засгийн байгууллагуудаас зохицуулалтын журам гаргахад хүрэхгүй ч байсан байж болно.
Контент үйлдвэрлэл, түгээлтийн талаар буруу жишиг тогтож түүнийг таслан зогсоох талаар ажил хийгдсэнгүй. Ийм нөхцөл нь хуулбарлан дууриах, бусдын бүтээлийг хулгайлах сэтгэхүйг өөгшүүлэн дэмжсээр ирлээ. Онлайн контентийг хөгжүүлэхэд оюуны өмчийг хүндэтгэх, хэрэглэгчийг дээдлэх, хэрэглэгч харилцан бие биеэ хүндэтгэх анхан шатны ёс зүйг төлөвшүүлээгүй нь салбарт өөрт нь эргээд сөрөг үр дагавар дагуулж, бусад эрүүл бус үзэгдэл газар авахад нөлөөлсөн.
Онлайн контентийг хөгжүүлэх талаар дорвитой судалгааг орхигдуулсан. Салбарыг хөгжүүлэх талаар бодитой, шинжлэх ухааны ул үндэстэй судалгааг орхигдуулж гаднаас хэрэгжүүлдэг алдаг оног төсөл хөтөлбөрт дулдуйдаж ирсэн нь монголын онцлогт тэр бүр таардаггүй, хүртээмж сул, үр өгөөж бага байх магадлалтай юм.
Нөгөө талаас мэдээлэл-харилцаа холбооны технологи /МХХТ/ өөрөө мэдлэгийн технологи, мэдлэгт суурилсан хэрэглээ бий болгох зорилготой, байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг онцлогтой технологи. Энэ утгаараа энэ салбарт ажиллагсад, хэрэглэгчид энэ технологийн онцлог, зүй тогтолд дасан нийцэж хөл нийлүүлэн явж байхыг шаарддаг. Үүн дээр ХМ болон МХХТ-ийн салбарынхан, төр засгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод үр ашигтай ажиллаж хүний нөөцийн чадавхи, ур чадвараа хэр төлөвшүүлсэн билээ гэдгийг эргэж бодох цаг болсныг илчилж байна.
Тэгэхээр маргаан, эсэргүүцэл гарахад хүргэсэн энэ түр журам яагаад контент агрегаторуудад таалагдсангүй вэ? Энэ журмыг боловсруулж байхад нь ХХЗХ-д саналаа оруулах, зохих өөрчлөлт хийх боломж байгаагүй юү? Боломж байсан бөгөөд өгсөн саналыг ХХЗХ авч үзэлгүй өөрсдийн байр сууриар шийдвэрлэсэн үү гэвэл асуудал өөрөөр яригдах ёстой. Мэдээж хэрэг ХХЗХ, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийн газар, хууль зүйн яам гээд төр захиргааны байгууллагуудад дүрэм журам гаргах эрх үүрэг хуулиар олгогдсон. Тэгэхээр төр захиргааны байгууллагуудын зүгээс дүрэм журам битгий гаргаасай гэж найдаж суух бол хэт гэнэн хэрэг болох байх. Тэр бүү хэл дахиад өөр дүрэм журам гарах юм уу энэ журам өөрчлөгдөж болно гэдгийг ч үгүйсгэхгүй аргагүй. Учир нь дээрх журам түр гэж байгаа нь энийг бас давхар хэлж байх шиг.
Тэгэхээр ХХЗХ-оос гаргасан дээрх түр журам салбарт бий болоод байгаа хүндрэл бэрхшээлийг гэтлэн давах, буруу жишиг, дутагдал доголдлыг арилгах, салбарт бизнес эрхэлж байгаа компаниудын бизнест хувь нэмэр болох уу? Хэрэв чадах бөгөөд илүү боломж олгож байгаа бол контент агрегаторууд тэгтлээ дургүйцэх хэрэг байна уу гэсэн асуулт гарна.
Монголын интернэтийн контентийн салбарт мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг www.gogo.mn, www.news.mn, www.olloo.mn, www.sonin.mn, www.shuud.mn зэрэг олон сайтууд гарч улс орны мэдээ мэдээллийг цахим орон зайд түгээж дотоод гадаадын хэрэглэгчид, алс холын нутаг нэгтнүүддээ түгээж байна. Энийг талархахаас өөр зүйлгүй. Аливаа гарч ирж байгаа хууль дүрэм журам энэ жишигт харшлах бол яавч хүлээн зөвшөөрөх боломжгүй нь ойлгомжтой.
Харин эдгээр сайтууд, тэдгээрийн холбоо “Монголын сайтын холбоо” яагаад ХХЗХ-оос гаргасан зохицуулалтыг эсэргүүцэж байгаа нь сайн ойлгогдохгүй байна. Хөндлөнгийн зүгээс харахад зохицуулалтын ийм журам гарч байгаа нь контент агрегаторуудад эерэг боломж олгож байгаа гэж дүгнэж болохоор байна. Учир нь аливаа оператор компаний хувьд (цахилгаан холбооны оператор ч бай, ХМ-ийн оператор ч бай, контент агрегатор ч бай) хэрэглэгчийн бааз бүрдүүлнэ гэдэг амин чухал хэрэгцээ байдаг. Хэрэглэгчдийн бааз бүрдүүлснээр хэрэглэгчиддээ олон талт үйлчилгээ нэвтрүүлж санал болгох, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ зан төлвийг илүү сайтар мэдэх, ингэснээр реклам байршуулагчдын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ санал болгох боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн бааз бүрдүүлнэ гэдэг алтны орд эзэмшихээс давуу боломж олж авч байгаа гэж үздэг. Гэтэл ийм боломж байхад манай тэргүүлэх агрегаторууд татгалзаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэлээ үлдээх хувилбарт шилжсэнээр хэрэглэгчээ алдахад хүрнэ гэсэн айдас байгаа бол учир дутагдалтай санагдаж байна . Нөгөө талаар, Yahoo, Google, Youtube, Twitter гээд бүх л цахим мэдээллийн талбар дахь нийтлэлд хэрэглэгч сэтгэгдэл бичих бол бүртгэлийн эрхээрээ нэвтэрч байгааг хүн бүхэн мэдэж байгаа.
Бас нэг тал нь энэ журам хэрэгжвэл хууль бус контентийн хостинг ба зар сурталчилгааг таслан зогсоох, контент бүтээгч бүтээлээ хулгайд алдахаас сэргийлэхээс өгсүүлээд салбарын нэр хүнд, цаашлаад монгол улсын нэр хүнд дээшлэх, хэрэглэгчийн ёс зүйтэй хэрэглээ төлөвшихэд нөлөөлөх сайн талын өгөөжтэй байх бүрэн боломжтой. Энэ нь эргээд контент бүтээгчид, контент агрегаторуудын зах зээлд эзлэх хувийг өсгөж бизнесийн ашигт орлогт эерэгээр нөлөөлөх боломж байгааг олж харах хэрэгтэй санагдаж байна.
Нэгэнт санал, үзэл бодлын зөрүү илэрсэн энэ боломжийг ашиглаж оршиж буй сул тал дутагдалтай зүйлээ нэгдэж хэлэлцэн салбарыг эрүүлжүүлэх, хэрэглэгчдэд нийцсэн, тэдний эрх ашиг, нийгмийн өмнө хүлээсэн үндсэн үүрэг функцээ дээдэлж улс орны нэр хүнд, нүүр царайг сайнаар харагдуулах алхамыг эхлүүлвэл өгөөжтэй гэж бодож байна. Тэр цаг үе болсон гэдгийг ч бас онцолмоор байна.
Энэ бүхнийг дүгнээд монголын интернэтийн контентийн салбарын эрүүл орчныг бүрдүүлэхэд зайлшгүй хийгдэх цаашдын алхам, арга хэмжээ байна гэж үзэж зах зухаас нь хуваалцмаар байна. Үүнд:
1.    Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар талууд хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэх.
2.    Монголын интернэтийн контентийн хөгжлийн бэрхшээл, боломж, потенциалын талаар шинжлэх ухааны үндэстэй ул суурьтай судалгаа явуулах,
3.    Салбарын хөгжлийн хэтийн болон ойрын хараатай болох
4.    Мэргэжлийн холбоод бүр салбар салбартаа тохирсон хэрэглэгчдээ дээдэлсэн, контентийн эрүүл орчинг эрхэмлэсэн ёс зүйн удирдамжтай болох
5.    Технологи болон салбарын хөгжлийн хэмнэлээс хоцрохгүй байхад чиглэсэн салбарын боловсон хүчний чадавхи, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх тогтолцоо бий болгох.
Эцэст нь ХХЗХ аль эсвэл контент агрегаторуудын хэн нэг талд давуу өгөхийг хүссэнгүй харин энэ салбарыг зохицуулах, энэ салбарт бизнес эрхэлж байгаа хэн боловч хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэглэгч олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн, ХМХ-ийнхээ хувьд нийгмийн өмнө хүлээсэн чиг үүргээ биелүүлдэг, агрегатор - оператор компаниудын бизнесийн боломжийг дэмжсэн онлайн контентийн эрүүл орчинг бүрдүүлж нэр төртэй салбарыг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөө талууд хамтын хүчин чармайлт гаргах цаг үе иржээ гэж дүгнэж байна.

No comments:

Post a Comment