Friday, January 28, 2011

Монгол Улсын цахим орон зайн нэгдлийг хангая гэвэл

Монгол Улсын ЗГ-аас олон жилийн турш боловсруулж байгаа цахим гарын үсгийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэнийг сонсоод энэ хуулийг батлан гаргахын өмнө зайлшгүй шаардлагатай бөгөөд  сайтар тунгаан зөв шийдвэр гаргах нэг зүйл байгаа талаар хуваалцаж байна.
Юуны өмнө цахим гарын үсгийн хууль баталснаар бүрддэг нийтийн түлхүүрийн тогтолцооны загвараа /Public key infrastructure – PKI model/ сонгох хэрэгтэй юм. Ингэж тогтолцооны загвараа эхлээд сонгохын учир нь цахим гарын үсэг, цахим гэрчилгээний цааш цаашдын хэрэглээ, энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө санхүү, энэ салбарт бизнес эрхлэгч байгууллагын бизнесийн тогтвортой байдал, цахим худалдаа арилжаа үйлчилгээ, мөнгөн гүйлгээ, эцэст нь эцсийн хэрэглэгчдэд оногдох ачаалал гээд бүхэл бүтэн тогтолцооны шинж чанартай олон асуудалд хөндөгддөг.
Үүнийг дурдахын учир нь цахим гарын үсгийг хуульчлан гаргаж нэвтрүүлсэн хөгжилтэй ч бай буурай ч бай улс орнууд энэ технологийг нэвтрүүлэхэд нэлээд хүндрэл, бэрхшээлтэй тулгарч алдаатай зүйл их гарсан юм. Эдгээр хүндрэл бэрхшээлээс тогтолцооны учир дутагдал, хэрэглээний дэмжлэг гэсэн хоёр хүчин зүйл хамгийн нөлөөтэй байгааг бусад улс орнуудын алдсан оносон туршлага харуулж, судалгаа шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид онцолж байна. Өөрөөр хэлбэл, аливаа технологийг эхлэн нэвтрүүлэгч, нутагшуулагчдын дутагдалтай тал гэж байдгыг цахим гарын үсгийн хуулийг нэвтрүүлж нийтийн түлхүүрийн тогтолцоо бий болгосон улс орнууд туулсан байна. Харин манай улсын хувьд олон жилийн хүлээлт бий болгож энэхүү технологийг оройтож хууль ёсоор хүлээн зөвшөөрч нэвтрүүлж байгаагийн хувьд оройтож нэвтрүүлэхийн давуу талыг бас ашиглах бүрэн боломж Монгол улсад байна.
Тийм учраас юуны түрүүнд хууль батлагдахын өмнө бодож тунгаан ухаалаг шийдвэр гаргавал зохистой тогтолцооны асуудлыг энд хөндье.
Цахим гарын үсгийн хууль батлан гаргасан улс орнууд үндсэндээ 3 зүйл дээр алдсан. Үүнд: 1) Нийтийн түлхүүрийн тогтолцоог /НТТ/ хуульчлаагүй; 2) Төв гэрчилгээжүүлэх байгууллагын үүрэг ач холбогдлыг анхаараагүй;  3) Цахим гэрчилгээний хэрэглээг дэмжих бодит алхамыг хуулиндаа зааж өгөөгүй. НТТ хуулчьлаагүй буюу Төв гэрчилгээжүүлэх байгууллагын ач холбогдлыг үл ойшоосноор, салбар бүрт бие даасан Төв гэрчилгээжүүлэх байгууллага /ТГБ/ буюу Root CA бий болж автономит НТТ-г бий болгосон. Энэ нь ямар сөрөг үр дагавар дагуулсан гэвэл юуны түрүүнд үр ашиг муутай, давхардсан хөрөнгө оруулалт хийгдэж хөрөнгө санхүүгийн үр ашиггүй зардал гарснаар үл барам гаргасан хөрөнгө эргэж нөхөгдөөгүй байх тал давамгайлжээ. Нэгэнт бий болсон бие даасан автономит НТТ-уудын харилцан нийцэл, мэдээлэл-үйлчилгээний нэгдмэл байдал алдагдаж, үл зохицох байдал үүсдэг. Энэ хүндрэлийг гэтлэн давахын тулд Гүүр гэрчилгээжүүлэх байгууллага /ГГБ/ байгуулахыг шаарддаг. Энэ нь мэдээж дахин хөрөнгө оруулалт шаардаж нэмэлт хөрөнгө оруулалтаар шийдэх асуудал болж хувирдаг байна. Жишээ нь, АНУ-н хувьд 2001 онд баталсан цахим гарын үсгийн хуулиар тогтолцооны талаар огт дурдаагүй. Тэр ч дагуу төв засгийн газрын түвшинд л гэхэд бие даасан ТГБ-ууд үүсч тэдгээрийг холбох, харилцан нийцлийг хангахын тулд Federal Bridge CA байгуулахад хүргэсэн. Энэ талын болоод АНУ-ын НТТ-нд гарсан хүндрэл бэрхшээлийн талаар http://www.gao.gov/new.items/d04157.pdf - с илүү дэлгэрэнгүй харж болно. Дашрамд хэлэхэд 2003 оны байдлаар АНУ-ын төв засгийн газар 1 тэрбум ам. долларын хөрөнгийг ННТ-д зарцуулсан тооцоо уг судалгаанд тусгажээ.... Манай Засгийн газар энэ хэмжээний хөрөнгө  оруулалт хийх бил үү ...
Азийн орнуудын хувьд Тайван, Япон зэрэг орнууд яг ийм хүндрэлтэй тулгарсан ба Тайван улс АНУ-ын жишгээр ГГБ байгуулсан бол Япон улсын хувьд одогоор энэ талаар шийдвэр гаргаж дорвитой алхам хийгээгүй байна. БНСУ-ын хувьд нийтийн түлхүүрийн шаталсан загварыг сонгож авсан боловч төрийн засгийн түвшний НТТ, үндэсний хэмжээний НТТ тогтолцоо гэсэн давхардсан бүтэцтэйгээр одоо явж байна. Гэхдээ энэ улсын энэ тогтолцоо мэдээлэл-харилцаа холбооны салбарт зориулсан асар их санхүүжилтийн үр дүнд бий болсон гэдгийг бодолцох хэрэгтэй. Гэхдээ энэ загвар үр ашиггүй, давхардсан, санхүүгийн их хөрөнгө үр ашиггүй зарсан гэсэн хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байгаа.
Манай хойд хөрш ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний нэлээдгүй орнуудад ижил төрлийн асуудал гарсан ба гэхдээ эдгээр орнуудын хувьд цахим гарын үсгийн хууль нь өөрөө учир дутагдалтай, тэр ч утгаараа чамгүй шүүмжлэл дагуулж  байгаа онцлогтой.
Европын холбооны орнуудад байдал ижил байгаа ба энэ асуудалд тус холбоо онцгой анхаарч удаа дараагийн хэлэлцүүлэг, судалгаа явуулсны үр дүнд нийтийн түлхүүрийн шаталсан тогтолцоог хамгийн үр ашигтай хувилбар гэж тогтсон байдаг. Судалгаа шинжилгээний байгууллагуудын зүгээс ч шаталсан загварыг барих нь хамгийн үр дүнтэй хувилбар гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
Тэгэхээр шаталсан гэх энэ загвар нь ямар шийдэл байдаг вэ гэвэл ганц ТГБ-тай, түүний харъяаны гэрчилгээжүүлэх байгууллагууд /ГБ/, Бүртгэх нэгж /БН/, хэрэглэгч гэсэн энгийн бүтэцтэй, хэн ч ойлгоход хялбар тогтолцоо байдаг. Энэ тогтолцоо маш олон давуу талтай. Хэрэв энэ тогтолцоог төлөвшүүлж чадвал хамгийн наад зах нь гэхэд хөрөнгө оруулалт бага шаардах, харилцан нийцлийг дэмжсэнээр Монгол Улсын цахим орон зайн нэгдмэл байдлыг баталгаажуулах, энэ салбарт бизнес эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хөнгөвчлөх, аж ахуйн нэгж байгууллагаас хэрэглэгчдээ хандсан цахим арилжаа худалдаа, мөнгөн гүйлгээг хялбарчлах, хамгийн гол нь ямар ГБ-аас цахим гэрчилгээ авснаас үл хамааран эцсийн хэрэглэгч аливаа баталгаат цахим гарын үсэг, батлагаат цахим гэрчилгээ шаардсан үйлчилгээг хүртэх боломж бүрдэх юм.
Ийм тогтолцоо эс төлөвшвөөс нэг ГБ-аас хараат, тэр ГБ-ын харъяа түнш газруудын цахим үйлчилгээгээр хязгаарлагдах, өөр газрын үйлчилгээ авах шаардлага гарахад харъяалсан ГБ-аас нь цахим гарын үсгийн гэрчилгээ авах гэсэн учир дутагдалтай, утга учиргүй байдалд орох болно.
Тэгэхээр хууль батлагдах шатандаа жигдэрсэн энэ цаг үед нийтийн түлхүүрийн тогтолцоогоо хуулиндаа зааж өгвөл олон асуудлыг хялбарчилж, бусад улс орнуудын туулж өнгөрүүлсэн алдаа бэрхшээлээс зайлхийх, тойрч гарах бүрэн боломж байгаа нь харагдаж байна. Аливаа тогтолцооны шинжтэй зохицуулалт, эсвэл аргачлалыг хуулинд тусгасан туршлага манай хуулийн практикт ч байна. Жишээ нь “Нягтлан бодох бүртгэлтийн тухай хууль”-д бүртгэлийн суурийг аккруэл загвараар хөтлөхөөр хуульчилсан байх жишээтэй.
Тэгэхээр НТТ-г хуулинд тусгах энэ тийм хүнд асуудал уу гэвэл зүйрлэх аргагүй хялбар зүйл – ердөө ганц өгүүлбэр л хангалттай санагдаж байна: “Монгол Улсын нийтийн түлхүүр бүтэц шаталсан тогтолцоонд тулгуурлана.” Энэ санааг дүрсээр доор зурагт харууллаа. Энэ бол хэнд ч ойлгомжтой, хэнээс ч илүү ухаан зараад байхгүй нь ойлгомжтой юм. Харин хэргийн учир нь энэ энгийн зүйлийг бусад орнууд огоорч орхигдуулсанд байдаг байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд, жишээ нь, АНУ, Япон, Тайван гэх улсуудад ТГБ-г байгуулахад шаардагдах санхүүг санаа зовохгүйгээр гаргадаг, гаргасан хойноо, байгуулсны дараа дээр дурсан бэршээл хүндрэлд унадаг. Харин хөгжиж буй орнуудын хувьд ТГБ-аа байгуулж чадахгүй буюу арай чүү гэж байгууллаа гэхэд хэрэглээгээ орхигдуулдаг бэрхшээл дүр зураг давамгайлж байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд Филиппин улс 2000 онд цахим арилжааны хуулиар цахим гарын үсгийн харилцааг хуульчилсан боловч зөвхөн 2009 онд БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжийн 2,5 сая ам. долларын хөрөнгөөр ТГБ–аа байгуулсан мэдээлэл байна.

Тэгэхээр энэ нөхцөл байдал, энэ технологийн онцлог, бусад улс орнуудын туулсан гашуун туршлагыг давтахгүйн тулд шинээр гарах энэ хуулиндаа нийтийн түлхүүрийн тогтолцоогоо хуульчилж өгвөл төр засагт өөрт нь амар, энэ салбарт бизнес эрхлэх компани, аж ахуйн нэгжид дэмжлэгтэй, хэрэглэгчийн эрх ашигт нийцэх ухаалаг шийдвэр болж улмаар уг хуулийг хэрэгжүүлэх, үр өгөөжийг хүртэх олон сайн эерэг талууд байгааг төр засгийн холбогдох байгууллагууд, салбар хариуцсан байгууллагууд, албан тушаалтнууд, эцэст нь УИХ-ын эрхэм гишүүд тунгаан болгоож Монгол Улсын нэгдмэл цахим орон зайг бий болгох чухал алхам хийнэ гэж найдаж байна.

No comments:

Post a Comment